Үндсэн хэсэг рүү очих
Би хэрхэн гүйж эхэлсэн бэ?

Би хэрхэн гүйж эхэлсэн бэ?

ЯрилцлагаMar 31, 20262 min0 Хандалт0 сэтгэгдэл

Би тамхинаас гарах зорилгоор бараг 10 жилийн өмнө гүйж эхэлсэн. Эхэндээ энэ нь зөвхөн муу зуршлаасаа салах нэг арга байсан ч аажмаар гүйлт миний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж үлдсэн.

Одоо гүйлт надад зөвхөн дасгал биш. Энэ бол бодлоо цэгцлэх, тайван байхад тусалдаг хамгийн найдвартай цаг минь болсон. Тиймээс би ихэнхдээ өглөө төлөвлөсний дагуу гарч гүйдэг.

Өглөө гүйх яагаад надад чухал вэ?

Өглөө гүйчихсэн өдөр бүтэн өдөржин илүү тайван байдаг. Бодол минь илүү цэгцтэй, шийдвэрүүд маань илүү зөв болдог. Гүйлт миний уур, сэтгэл хөдлөлийг тэнцвэртэй байлгахад үнэхээр тусалдаг.

Олон зүйл туршсан ч гүйлт л үлдсэн

Энэ хугацаанд би марафон, олон төрлийн уралдаанд оролцож үзсэн. Бас фитнесс, хүчний бэлтгэл, хоолны дэглэм гээд олон зүйлийг туршиж байсан. Тэдгээр нь бүгд өөр өөрийн үр дүнтэй ч эцэст нь миний амьдралд тогтвортой үлдсэн зүйл нь гүйлт байлаа.

Гүйлт надад хамгийн энгийн, цаг хэмнэдэг, мөртлөө өгөөж нь маш өндөр хөдөлгөөн санагддаг. Тусгай тоног төхөөрөмж хэрэггүй, урт бэлтгэл ч шаарддаггүй. Харин өглөөний нэг гүйлт өдөржин нөлөөлдөг.

Гүйлт миний бодлыг цэгцэлдэг

Өглөө гүйхээр толгой сэргэж, бодол эмх цэгцтэй болдог. Юу хийхээ илүү тодорхой харж чаддаг. Дотроо бухимдалтай байсан ч гүйгээд ирэхэд тэр мэдрэмж намжиж, илүү тэнцвэртэй болдог.

Тийм болохоор би гүйлтийг зөвхөн биеийн дасгал гэж хардаггүй. Энэ бол сэтгэл санаагаа цэвэрлэж, өдрийг зөв эхлүүлэх миний хамгийн найдвартай арга юм.

Миний хувьд гүйлт гэдэг

Миний хувьд гүйлт бол:

  • Тамхинаас холдуулсан шийдвэр
  • Өглөөг зөв эхлүүлдэг дадал
  • Бодлоо цэгцэлдэг чимээгүй орон зай
  • Уур бухимдлыг багасгадаг тэнцвэр

Тиймээс олон зүйл өөрчлөгдөж болох ч гүйлт миний амьдралд үлдсээр байна.

Танд ямар санагдав?

Шинэ нийтлэл имэйлээр

2026 Guilee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.